Технологи

2026.07.20 04:20

OpenAI-тай холбоотой шүүх хурлаар юу болоод байна

Энэ долоо хоногт технологийн салбар од OpenAI-тай холбоотой олны анхаарлыг татсан шүүх хурал эхэллээ. Уг шүүх хурлын нэг талд нь OpenAI-с Сэм Алтман байгаа бол нөгөө талд түүний эртний анд Илон Маск сууж байна.

OpenAI-тай холбоотой шүүх хурлаар юу болоод байна
🤝🏻 Сайхан эхлэл 2015 онд OpenAI-г Сэм Алтман, Илон Маск, Грег Брокман тэргүүтэй нэртэй нөхдүүд ашгийн бус хэлбэрээр үүсгэн байгуулж байв. Эхэндээ амжилт олох нь тодорхойгүй байсан тус төсөл 2022 онд хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн үеэс эхлэн технологийн салбарт цахиур хагалсан гэхэд буруудахгүй. Өдгөө долоо хоногт дунджаар 900 сая орчим хэрэглэгчийг татдаг болсон OpenAI нь хамгийн сүүлд $122 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаар үнэлгээгээ $852 тэрбумд хүргээд байна. 🗯️ Нөхөрөөс дайсан руу Үүсгэн байгуулагчдын нэг Илон Маскын хувьд 2018 онд OpenAI-г Tesla (TSLA)-тай нэгтгэх талаар бусдадаа санал тавьсан ч удирдах зөвлөл тус саналаас татгалзсан аж. Ингэснээр Илон Маск нь OpenAI-г орхиж, 2023 онд өөрийн удирдлага дор xAI компаниа байгуулжээ. Харин одоо Илон Маскын зүгээс Сэм Алтман, Грег Брокман нар түүнд мэдэгдэлгүйгээр компанийг ашгийн зорилготой болгосон гэж буруутгаад байна. 🔙 Шүүхийн процесс: 2024 оны 2 сард Илон Маск Сан Франциско мужийн шүүхэд OpenAI-д хэрэг үүсгэсэн бөгөөд үүнээс хойш 2 жилийн дараа буюу энэ оны эхээр шүүгч нар хэргийг шүүхэд шилжүүлэхийг зөвшөөрч, өнгөрсөн Даваа гарагт шүүх хурал нь эхэлжээ. 💰 Хүсэл, хясал Илон Маск нь OpenAI болон Microsoft (MSFT)-с нийтдээ $150 тэрбумыг нэхэмжилж байгаа бөгөөд үүний $134 тэрбумыг Илон Маскын өмгөөлөгчид буруу замаар олсон орлого хэмээн үзэж, OpenAI-н буяны сангийн ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Мөн Сэм Алтман, Грег Брокман нарыг удирдлагын албан тушаалаас огцруулахыг, мөн OpenAI-г ашгийн бус хэлбэрт эргүүлэн шилжүүлэхийг шаардсан аж. Эцэст нь… OpenAI-н тухайд тус хэргийг үндэслэлгүй, Илон Маск өөрийн xAI-г дэмжихийн тулд энэ бүгдийг зохион байгуулж байна хэмээн мэдэгдсэн. Хэрэв OpenAI ялагдвал AI салбарын тэнцвэртэй байдал алдагдах магадлал өндөр байна даа. 👀