Технологи
2026.07.20 04:31
K-pop урсгалд шинэ салхи оруулах технологийн стартап Galaxy Corp IPO хийхээр бэлтгэж байна
Тэртээ 1990-ээд оноос эхэлсэн K-pop урсгал дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Харин одоо энэ урсгалд хүний авьяас чадварыг AI болон роботууд орлохоор бэлтгэгдэж эхэллээ. Энэхүү хувьсгалыг эхлүүлэх тэр нэгэн стартап бол Galaxy Corp гэнэ дээ.

🇰🇷 Стартапын тухайд
Өмнөд Солонгосын Galaxy Corp гэх стартапыг 2019 онд Чой Ён-хо байгуулсан бөгөөд ирэх 2027 онд багтан дотоодын болон Америкийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр зорьж байна. Ингэснээр гадаадын биржид хувьцаагаа бүртгүүлсэн анхны K-pop агентлаг болно.
🧠 Технологийн давуутай: Тэдний хамгийн том давуу тал нь хүний авьяас чадварт баригдахгүй, цаг ямагт дуулах, бүжиглэх чадвартай AI-ууд болон роботууд аж. Бодит амьдрал дээр хэрхэн бүжиглэдгийг нь харах бол ЭНД дараарай.
🦄 Ганц эвэрт
Өнөөг хүртэл компани $150 саяын санхүүжилт татаж, алдарт G-Dragon болон Тайванийн уран бүтээлч Жэй Чоу нарын оролцуулаад нийт 30 орчим хөрөнгө оруулагчтай болжээ. Сонирхуулахад, 2025 оны сүүлээр Galaxy Corp нь ₩100 тэрбумын санхүүжилтийг хөрөнгө оруулагчдаас амжилттай татсан. Ингэснээр компанийн үнэлгээ ₩1 их наяд буюу $679.8 саяын үнэлгээнд хүрч, албан ёсоор unicorn статуст багтсан түүхтэй.
🕺🏻 Супер одын түншлэл
2023 онд G-Dragon 20 жилийн турш хамтарч ажилласан YG Entertainment-с гарч, Galaxy Corp-тай гэрээ байгуулсан. G-Dragon гэрээний урамшуулал болгон Galaxy Corp-с $14.5 саяыг авахдаа тал хувийг нь бэлэн мөнгөөр, үлдсэн талыг нь хувьцаа хэлбэрээр авчээ. Энэ нь компанийн урт хугацааны өсөлтөд итгэлтэй буйгаа илэрхийлсний дохио байв. Тэрээр одоогийн байдлаар Galaxy Corp-н 2% орчмыг эзэмшдэг ба түүнтэй гэрээлснээс хойш компанийн үнэлгээ даруй 2 дахин өсжээ.
Эцэст нь… Энэ оны II хагаст Galaxy Corp 4 гишүүнтэй виртуал охидын хамтлагаа анх удаа тайзнаа гаргахаар төлөвлөжээ. Цаашлаад, хөгжим болон клипний тодорхой хэсгийг Suno, Sora зэрэг AI-р бүтээхээр шийдсэн аж. Үүний тусламжтай дунджаар $2 саяар бүтдэг K-pop клипний зардлыг 90-99% хүртэл бууруулах боломжтой гэж үзээд байна.